Мэдээлэл, дүн шинжилгээ
ЗҮҮН ӨМНӨД АЗИ ДАХЬ ТЕРРОРИЗМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2014 онд Исламын улс бүлэглэл /ИУБ/ анх бий болсон цагаас эхлэн Зүүн өмнөд Азийн /ЗӨА/ бүс нутагт, ялангуяа Индонези, Малайз зэрэг улсуудад жижгэвтэр террорист бүлэглэлүүд байгуулагдан “Дайеш” буюу ИУБ-ийн нэрийг барин террорист халдлага үйлдэх явдал ихэссэн. Гэсэн хэдий ч Зүүн өмнөд Ази дахь терроризмын нөхцөл байдал улс бүрт харилцан адилгүй байна. Тухайлбал тус бүс нутгийн Камбож, Вьетнам зэрэг улсууд энэ төрлийн аюул заналд төдийлөн санаа зовдоггүй аж.

2017 онд Сингапурын эрх баригчид Ислам шашны гаралтай террорист аюул занал бол ЗӨА-ийн бүс нутаг дахь хамгийн санаа зовоосон асуудал юм хэмээн мэдэгдэж байв. Сингапурын хувьд Филиппин дэх террорист бүлэглэлүүд нь тэдний аюулгүй байдалд хамгийн том анхаарал татах асуудал болоод багагүй хугацаа өнгөрч байна.  

            Нэг. Индонези: Туршлагажсан жихадууд нэмэгдэх хандлагатай болов

ЗӨА-ийн бүс нутаг дахь Индонезийн бүлэг арлууд бол дэлхий дээрх хамгийн олон тооны ислам шашинтай иргэнтэй улс бөгөөд 2018 онд олон тооны халдлага болж байсан удаатай. Тус улс дахь ислам шашины урсгалууд нь гол төлөв бусад шашин, исламын цөөнх урсгалуудыг хүндэтгэх уламжлалтай ч сүүлийн жилүүдэд илүү фундаментал буюу хуучинсаг үзэл баримтлал бүхий урсгал нь илүү нөлөөтэй, хүчирхэг болох болж.

2018 оны халдлагуудын үеэр Индонези дахь зарим террорист бүлэглэлүүдийн хэрэглэсэн арга барил, зэвсэг, техник зэргээс үзэхэд үйл ажиллагааны нөөц бололцоо, чадавхийн хувьд өндөр хөгжсөн болох нь харагдсан аж. Сүүлийн үед хууль сахиулах байгууллагууд Индонези дахь террорист бүлэглэлүүдийг Сири, Ирак дахь бүлэглэлүүдтэй албан ёсны холбоотой ажилладаг, үүрэг даалгавар авч хамтран ажилладаг гэдгийг хөдлөшгүй баримтаар тогтоож чадахгүй байгаа ч олон тооны иргэд Сири, Иракаас эргэн ирж[1] буй талаар мэдэгдэж байна. Улмаар терроризмын мэдлэг, туршлага хуримтлуулсан индонези иргэд Сири, Иракаас эргэж ирсэн даруйдаа өөрсдийн мэдсэн сурсаныг бусаддаа заах, илүү боловсронгуй болгох зэргээр террорист аюул заналхийллийг илүү нэмэгдүүлж байгаа ажээ.

            Хоёр. Филиппин дэх терроризм

ЗӨА-ийн бүс нутаг дахь улс орнуудын эрх баригчид терроризмтой тэмцэх олон тооны арга хэмжээг авч буй хэдий ч Филиппин, Индонези улсууд тус бүс нутаг дахь хамгийн халуун цэг хэвээр байсаар байна. Филиппин дэх террорист бүлэглэлүүд үйл ажиллагааны хувьд маш уян хатан ба улс орны нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлыг өөрсдийн давуу тал болгон ашиглахдаа гарамгай.

2017 онд Филиппиний Марави[2] хотыг таван сарын турш өөрийн мэдэлд байлгасан Абу Саяаф бүлэглэлийн Засгийн газрын хүчнийхэнтэй хийсэн мөргөлдөөнд нэг мянга орчим гишүүн, тэдний дунд уг бүлэлэлийн тэргүүн Иснилон Хапилон, нь амиа алдаж томоохон хохирол амссан байдаг. “Маравигийн тулаан”-ы дараа уг бүлэглэл ихээхэн хохирол амсаж, хүндхэн байдалд орсон хэдий ч үйл ажиллагаагаа сэргээж чадсан төдийгүй хэд хэдэн жижиг хэмжээний халдлагуудыг хийж амжсан байна.

Филиппин Улсад Сири, Ирак эсхүл Афганистан дахь ИУБ-д тулалдаж байсан иргэд төдийлөн эргэж ирээгүй гэхэд болно. Гэсэн хэдий ч тус улсын хууль сахиулагчдын үзэж буйгаар 60 орчим террорист этгээд Сири, Иракаас Филиппинд ирсэн ба эдгээр нь гол төлөв Индонези, Малайз гаралтай иргэд бөгөөд тэдний зүгээс амиа золиослон тэсрэх бөмбөг дэлбэлэх зэрэг Филиппиний хувьд харьцангуй шинэлэг аюул занал учруулах болсон талаар албан ёсны мэдэгдэлдээ дурдсан байв. Эдгээрээс хамгийн сүүлийн томоохон тохиолдол бол 2019 оны 1-р сарын 27-ны өдөр Абу Саяаф бүлэглэлийн Индонези гаралтай террорист этгээдүүд Филиппиний Жоло хотод байрлах нэгэн христийн шашны сүмд бөмбөг тэсэлж, 23 хүн газар дээрээ амь үрэгдсэн тохиолдол гарсан.     

            Гурав. ИУБ-ийн Вилаяа Хорасан бүлэглэл индонези иргэдийг элсүүлэх болов.

2019 оны эхнээс эхлэн ИУБ-ийн хамаарал бүхий Вилаяа Хорасан бүлэглэл индонези иргэдийг өөрийн эгнээнд нэгтгэхээр зэхэж, шинээр элсэн орж буй индонези иргэдийг хүлээн авах, тэднийг сургаж дадлагажуулах зориулалт бүхий индонези багш нараас бүрдсэн сургалтын баазуудыг Индонези болон Афганистанд байгуулсан. Гэвч олон улсын байгууллагуудын үзэж байгаагаар Зүүн өмнөд Азиас Афганистанд зорчиж буй иргэдийн тоо тийм ч их биш гэсэн судалгаа гарсан аж.

2019 оны Жоло хот дахь халдлагыг зохион байгуулсан гэгдэж байсан Сайфуллах гэгч нь 2019 оны 6 дугаар сард 11 индонези иргэнийг Афганистанд авч ирэх гэж байсан ч бүтэлгүйтсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлдэг.

Сүүлийн үед Турк болон Иран орчмоос шинээр гишүүн элсүүлэх нь хүндрэлтэй тулгарах болсон тул Индонези болон ЗӨА-ийн бүс нутаг нь Вилаяа Хорасан бүлэглэлийн хувьд шинэ гишүүн элсүүлэх шинэ талбар болох хандлагатай байна. Өөрөөр хэлбэл ИУБ нь өөрсдийн үйл ажиллагаа, гишүүнчлэлээ өргөжүүлэн тэлэх, шинэ арга замыг эрэлхийлж, өөр бүс нутагт чиглэн ажиллах болсон нь эндээс харагдаж байна.

            Дөрөв. Малайз дахь нөхцөл байдал

1951 онд байгуулагдсан Малайзын Исламын Нам /PAS/ үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үзэл санааны хувьд харьцангуй тогтворгүй байсаар ирсэн. Харин 1983-1989 оны хооронд тус намыг удирдсан, парламентийн гишүүн Юсоф Рава ард иргэдийг Засгийн газрын эсрэг тэмцэхийг уриалсан явдал болсон.

Үүний дүнд Малайзын Засгийн газар тус намын үйл ажиллагааг хориглож, улмаар гишүүд нь илүү радикал үзэл санаа бүхий Кампулан Мужихадин Индонези бүлэглэлтэй харилцаа тогтоон, Фадзил Нүүр гэгчид үнэнчээр зүтгэхээ тангаргалсан байдаг.

Малайзын Исламын Намын дарга Хажи Абдул Хади Аванг 2002 онд тус намын дарга болсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Кампулан Мужихадин Индонези бүлэглэлтэй харилцаатай ажиллаж байгаа бөгөөд үүний хажуугаар Малайчуудын Үндэсний Нэгдсэн Байгууллагатай /UMNO/ мөн хамтран ажиллаж байна. Энэ нь намынхаа оршин тогтнолыг хангахын тулд гэж зарим судлаачид дүгнэж байгаа. Ямартай ч үндэстэн, шашин хоорондын зөрчил тус улс дахь нөхцөл байдлыг хүндрүүлж, илүү хагалан бутаргах шинжтэй болж, улмаар бухимдаж, ядуурч, хорссон ард иргэд нь радикалжиж, террорист бүлэгэлүүдэд элсэх магадлал их байна.      

Дүгнэлт: Сүүлийн үед дэлхий даяар Исламын улс бүлэглэл үйл ажиллагааны хувьд тархай бутархай болж, дэлхийн өнцөг булан бүрт жижиг хэмжээний террорист бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулан халдлага үйлдэх болсон нь бүс нутаг бүрт тулгамдсан аюул болоод байна. Гэвч зарим бүс нутгийн эрх баригчид терроризмтой тэмцэхэд ололт амжилт багагүй олж буй. Ялангуяа Зүүн өмнөд Азийн хувьд сүүлийн жилүүдэд Индонези, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсууд терроризмтой тэмцэх өөр өөрсдийн сайн туршлагыг нэвтрүүлж байгаа ба улс орон бүр дотоодын зөрчил, тэмцэл, салан тусгаарлах үзэл бүхий бүлэглэлүүдтэй холбоотой асуудлыг жихад буюу исламын радикал нөлөөнд автахаас нь урьдчилан сэргийлж, тухай бүр таслан зогсоож, шийдвэрлэх нь илүү ач холбогдолтой талаар мэдэгдэж байна. Түүнчлэн терроризмыг Ислам шашинаас салгаж ойлгох тухай ЗӨА-ийн бүс нутгийн эрх баригчид сүүлийн үед үг хэлэх явцдаа цухуйлгах болсноос гадна террорист бүлэглэлийн гишүүн байсан иргэдийг эргүүлэн нийгэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Эндээс үзэхэд тус бүс нутаг терроризмтой тэмцэх чиглэлээр дэлхийн бусад бүс нутгаас нэг алхамын урд буйг харуулж байна.

Иймд Монгол Улсын хувьд дээрх сайн туршлагыг өөрийн хөрсөнд буулган нэвтрүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй юм. 

 

[1] Албан ёсны мэдээллээр ЗӨА-ийн бүс нутгаас 800 гаруй иргэн Сири, Ирак дахь террорист бүлэглэлүүдэд элсэн орсон гэсэн тооцоо байдаг.

[2] 2017 оны 5-10 дугаар сард болсон зэвсэгт мөргөлдөөнийг “Маравигийн тулаан” хэмээн нэрлэдэг бөгөөд 1000 орчим террорист этгээд, 200 орчим Засгийн газрын хүчний байлдагч, 87 энгийн иргэн амь үрэгдэж, 1400 орчим Засгийн газрын хүчний байлдагч шархадсан.


НИЙТЭЛСЭН: 2021-09-06 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3