Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын албан хаагчдад терроризмоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээллийн ажил зохион байгуулав.

Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Нийслэл дэх салбар зөвлөл болон Тагнуулын ерөнхий газрын Нийслэлийн тагнуулын газар, Мөрдөн шалгах газар, Сөрөг тусгай ажиллагааны хэлтсээс хамтран 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын онц чухал объектын нэг эрчим хүчний салбарынханд терроризмоос урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү сургалт мэдээлэлд Дулааны цахилгаан станц ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4 ТӨХК, Улаанбаатар дулаан түгээх сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Диспетчерийн үндэсний төв ХХК болон ДЦС-3 дахь Дотоодын цэргийн 05-р ангийн төлөөллөөс бүрдсэн нийт 350 орчим албан хаагчид хамрагдав.

Сургалт, мэдээллээр албан хаагчдад “Олон улсын терроризмын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”, “Монгол Улсын 2018 оны терроризмын аюулын эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт”, “Улсын онц чухал объект, Эрчим хүчний салбарт үйлдэгдэж болзошгүй террорист халдлага, түүнээс  урьдчилан сэргийлэх асуудал”, “тэсрэх бодис, хэрэгслийг таних, илрүүлэх аюулгүй ажиллагааны заавар” болон “тагнуулын байгууллагад хуулиар харъяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг мөрдөн шалгах асуудал” зэрэг сэдвээр Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Тагнуулын ерөнхий газрын Нийслэлийн тагнуулын газар, Мөрдөн шалгах газар, Сөрөг тусгай ажиллагааны хэлтсээс тус тус танилцуулга мэдээлэл хийв.

Түүнчлэн албан хаагчдад улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах, харуул хамгаалалтыг сайжруулах, албаны бэлэн байдал болон албан хаагчдын анхаарал, сонор сэрэмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжилтнүүдийн зүгээс заавар, зөвлөмж өгч, улмаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан 2341 тогтоол буюу “улсын онц чухал объектуудад үйлдэгдэж болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэх асуудал, үйл ажиллагаандаа тусгах зөвлөмж”-ийг танилцуулав.

Сургалт, мэдээллийн төгсгөлд эрчим хүчний салбарын нийт албан хаагчдад тус тусын хариуцсан ажил, объект, цэг, хэсэг, байгууламжийн эмзэг сул цэг, үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж, гаргасан дүгнэлтийн дагуу эрсдэлийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллахыг зөвлөж албан хаагчдын сонирхсон зарим асуултад хариулт өглөө.


НИЙТЭЛСЭН: 2018-10-11 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3