Үй олноор хөнөөх зэвсгийн санхүүжилттэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогын баримт бичгийг хэлэлцэв.

    Австралийн Ерөнхий прокурорын газраас Монгол Улсад үй олноор хөнөөх зэвсгийн санхүүжилттэй тэмцэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Австралийн Дотоод хэргийн яамны үй олноор хөнөөх зэвсгийн санхүүжилттэй тэмцэх чиглэл хариуцсан хуулийн зөвлөх Анага Жоши, Сара Доналд нар 2018 оны 9 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж үй олноор хөнөөх зэвсгийн санхүүжилттэй тэмцэх, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авахтай холбоотой эрх зүйн зохицуулалт бүхий журам боловсруулсаныг ТТАЗЗ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ТЕГ, ЦЕГ, Монголбанк, СЗХ, ГЕГ, ТатЕГ-ын албан хаагчдад танилцуулав.

   Монгол Улсад ирүүлсэн ФАТФ-ын зөвлөмжинд манай улс зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авахтай холбоотой одоогийн үйлчилж буй хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Иймд Австралийн Дотоод хэргийн яамнаас дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсад төсөл хэрэгжүүлж, түүнд тус яамны хуулийн зөвлөх Анага Жоши 2018 оны 1 дүгээр сараас эхлэн ажиллаж байна.

   Тэрбээр Монгол Улсын үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс гаргасан санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой ФАТФ-ын зөвлөмж, шаардлагад нийцсэн журам боловсруулж улмаар 2 өдрийн турш тус журмын агуулга, зүйл, заалт нэг бүрээр харилцан хэлэлцэж эцэслээд байна. ФАТФ-аас өгсөн шаардлагын дагуу Монгол Улс нь зөвлөмжинд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хариу тайлан хүргүүлэх шаардлагатай тул тус журмыг мөн хугацаанаас өмнө Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж тогтоол гаргаж батлуулах шаардлагатай байна.

   Хэдий тийм боловч Монгол Улс нь ФАТФ-аас тавьсан шаардлагын дагуу энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг холбогдох хууль, тогтоомжид шинээр тусгах, үүнтэй уялдан Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудад хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт бий болгох улмаар эдгээр хууль тогтоомж нь хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх ёстой гэсэн хатуу шаардлага тавиад байгаа тул Засгийн газрын тогтоолоор батлагдах “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан санхүүгийн зорилтот хориг арга хэмжээтэй холбоотой тогтоолыг хэрэгжүүлэх журам”-ыг Терроризмтой тэмцэх тухай хуулинд шинээр тусгах шаардлагатай гэдгийг хуулийн зөвлөх Анага Жоши сануулаад байна.

   Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний талаарх манай улсын одоогийн бүтэц нь Терроризмтой тэмцэх тухай хууль болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хослуулсан хоёрдмол бүтцийг бий болгож, хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд ийм хоёрдмол бүтцийг улам гүнзгийрүүлсэн тул санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний орчинг өөрчлөн шинэчлэх болон ЗДС-ийн эсрэг арга хэмжээг нэмж оруулах асуудлын хүрээнд Терроризмтой тэмцэх хуулийн дагуу санхүүгийн хориг арга хэмжээний нэг дэглэм байх нь зүйтэй гэдгийг зөвлөсөн.

Төслийн хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох дараах хувилбарыг танилцуулж эцэслээд байна. Үүнд:

Терроризм, зэвсэг дэлгэрүүлэх аль алиныг нь Терроризмтой тэмцэх тухай хуулийн доор хамарсан санхүүгийн хориг арга хэмжээний нэгдсэн дэглэм бүрдүүлэх:

Хууль, тогтоомжид оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлт

Энэ хувилбарын хувьд МУ/ТСТ тухай хуульд санхүүгийн зорилтот хориг арга хэмжээтэй холбоотой шинээр нэмсэн 61 дүгээр зүйлийг буцааж хүчингүй болгож Терроризмтой тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулах юм. Хууль, журмаар санхүүгийн хориг арга хэмжээний нэгдсэн дэглэмийг Терроризмтой тэмцэх тухай хуулийн доор бүрдүүлэх хэдий ч, ТЕГ, СМА, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо(СЗХ) зэргийн чиг үүрэг, хариуцлага хэвээр үлдэнэ.

 Энэ хувилбарын давуу болон сул талууд:

Давуу тал

  • Хуульд оруулах нэмэлт өөрчлөлт бага; гэхдээ терроризмтой тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай.
  • Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний дэглэм болон дотоодын зохицуулалтын механизмуудыг ойлгомжтой болгоно.
  • Хувийн хэвшил хууль эрх зүйн шаардлага, шат дарааллыг ойлгоход хялбар болно.
  • БНАСАУ, Ирантай холбоотой санхүүгийн бусад арга хэмжээг Терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний тухай журамд нэмж оруулах боломжтой.

Сул тал

  • СМА-тай холбоотой заалтууд уг албаны өдөр тутам хэрэглэдэг МУ/ТСТ тухай хууль тогтоомж бус, харин Терроризмтой тэмцэх тухай хууль тогтоомжид тусгагдах болно.


НИЙТЭЛСЭН: 2018-09-28 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3