Ховд аймагт зохион байгуулагдсан "ГОВИЙН ЧОНО 2018" Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуульд ажиглагчаар оролцлоо.

   ТТАЗЗ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу ТТАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Батсайхан, ахлах мэргэжилтэн Л.Энхбаяр нар 2018 оны 6 дугаар сарын 4-8-ны өдрийн хооронд Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардын хамтран Ховд аймагт зохион байгуулсан “Говийн чоно 2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуульд ажиглагчаар оролцлоо.

   Олон улсын сургалт, дадлага сургуульд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудаас гадна Монгол Улсад суугаа Австрали, Канад, Франц улсын Элчин сайдын яам,  Балба, Шри Ланка улс болон НҮБ-ын төрөлжсөн агентлаг, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 350 гаруй төлөөлөгчид оролцов.  “Говийн чоно-2018” дасгал, сургуулилтыг энэ удаа газарзүйн байрлал, тогтоц, тохиолддог гамшиг, аюулт үзэгдлийн онцлог нөхцлийг харгалзан Баруун бүсийн төв Ховд аймагт “Гамшгийн үеийн бүсийн төвийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдвээр зохион байгуулсан.

  Дадлага сургуулийг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлэхдээ тэрбээр “Энэхүү арга хэмжээ нь болзошгүй газар хөдлөлтийн аюул, технологийн гаралтай ослын хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, улсын албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг бодит нөхцлийн цагийн байдалд уялдуулан ажиллуулах, улс орны гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй алхам болдог” гэдгийг онцлов.

   “Говийн чоно 2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль нь үндсэн найман чиглэлээр зохион байгуулагдаж, дадлага сургуулийг төлөвлөгөөний дагуу уснаас, уулнаас, нурангиас эрэн хайх аврах ажиллагаа сэдвийн дор зохион байгуулж Монгол, Америкийн 80 орчим аврагч харилцан туршлага солилцсон бөгөөд болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо хэрхэн байх чиглэлээр эмэгтэйчүүдийн манлайлал сургалт, эмнэлгийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх, тухайн улс, орон нутагт тохиолдож байсан олон нэрвэгдэгсэдтэй гамшгийн үед хэрхэн ажиллах талаар  эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалтууд тус тус зохион байгуулагдсанаар онцлогтой байлаа.

   ТТАЗЗ-өөс “Говийн чоно 2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагад ажиглагчаар оролцсон нь террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгдсэн дадлага сургуулийг олон улсын сургалт, дадлагын хэмжээнд зохион байгуулах боломж, түүнд анхаарах, тусгах шаардлагатай асуудал, сургалтын бэлтгэл ажил, төлөвлөлт, бэлэн байдал, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хэрхэн хангаж, уялдуулах  чиглэлээр тус тус сайн туршлагыг судаллаа.

    ТТАЗЗ-ийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 2019 онд зохион байгуулагдах “Хаан шонхор” террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгдсэн дадлага сургуульд “Говийн чоно 2018” сургалт, дадлагын ололт, амжилт, сайн туршлагыг нэвтрүүлж хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.

 


НИЙТЭЛСЭН: 2018-06-11 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3