Мэдээ мэдээлэл
НҮБ-ын “goTravel” програм хангамжийг Монгол Улсын Зорчигчийн мэдээллийн төвд ашиглах гэрээний талаарх санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны дарга Владимир Воронков нар 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын “goTravel Програм хангамжийг Монгол Улсын Зорчигчийн мэдээллийн төвд ашиглах гэрээний талаарх санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр ноён Владимир Воронков Монгол Улс НҮБ-ын террорист этгээд болон онц ноцтой гэмт этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж байгаад баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтад талархал илэрхийлэв. Түүнчлэн цаашид НҮБ-ын ТТА нь Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, бусад бүс нутаг, улс оронд Монгол Улсын сайн туршлагыг хуваалцах сонирхолтой байгааг онцлон тэмдэглээд Монгол Улсын Зорчигчийн мэдээллийн төвийн нээлтийн арга хэмжээнд оролцох урилгыг талархан хүлээн авав. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар НҮБ-ын ТТА-ны дэмжлэгт талархал илэрхийлж, Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийг Монгол Улсын Засгийн газарт танилцуулахад бэлэн болсныг онцлов. Мөн Монгол Улсын Зорчигчийн мэдээллийн төвийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд тус төвд ажиллах албан хаагчдыг томилсныг дурдлаа.

НҮБ-ын “Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр” нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2178, 2396, 2482 дугаар тогтоолын хүрээнд зорчигчийн урьдчилсан мэдээлэл, зорчигчийн нэр, бүртгэлийн өгөгдөл ашиглан террорист этгээд, онц ноцтой гэмт хэрэгтнийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөр бөгөөд одоогоор 58 гишүүн орон тус хөтөлбөрт хамрагдаад байна. Монгол Улс тус хөтөлбөрийг албан ёсоор хамтран хэрэгжүүлэх хүрээнд НҮБ-ын ТТА-тай харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ТТЗ-ийн дарга П.Одонбаатар гарын үсэг зурсан. 


НИЙТЭЛСЭН: 2022-12-02 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3