Мэдээ мэдээлэл
“НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 (2004) тогтоолыг хэрэгжүүлэх Монгол Улсын үндэсний төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох зорилготой семинар”-ыг зохион байгуулав

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн 1540 тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний хуралдааны 64 дүгээр тэмдэглэлд Үндэсний төлөвлөгөөг боловсруулж НҮБ-ын 1540 хороонд хүргүүлэх, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Терроризмтой тэмцэх зөвлөлд даалгасан.

Үүний мөрөөр Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын алба НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн алба, ЕАБХАБ, НҮБ-ын 1540 хороо, АНУ-ын Төрийн департаментын Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөр, ХБНГУ-ын Эдийн засаг, экспортын хяналтын алба, Дэлхийн гаалийн байгууллагатай хамтран Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 (2004) тогтоолыг хэрэгжүүлэх Монгол Улсын үндэсний төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох зорилготой семинар”-ыг 2022 оны 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд олон улсын байгууллагууд, гадаад улсын болон дотоодын холбогдох байгууллагуудын 55 орчим албан хаагчид оролцов.

Үндэсний семинарыг нээж ТТЗ-ийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Төгс-Очир үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлуудыг даван туулахад улс орнууд, олон улсын байгууллагууд хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглээд тус семинарт оролцож буй төлөөлөгчдөд болон Японы Улсын Засгийн газарт талархал илэрхийлсэн бол Япон Улсын ЭСЯ-ны дэд тэргүүн, ноён Кикүма Шигэрү уг үндэсний семинарыг зохион байгуулснаар Монгол Улсын үндэсний төлөвлөгөөнд тусгагдсан ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, экспортын хяналтын тухай үндэсний хууль тогтоомж, хоёрдмол зориулалттай барааны хяналтын жагсаалтыг эцэслэхэд хувь нэмэр оруулах, холбогдох албан хаагчдыг сургах төлөвлөгөө, хугацааг тодорхойлох, 1540 тогтоолын хүрээнд туслалцаа авах боломж бүрдэх тухай онцлов. Харин НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн албаны бүс нутаг хариуцсан зохицуулагч, хатагтай Аманда Каул тус семинарыг зохион байгуулж буйд Монгол Улсад талархал илэрхийлэн Үндэсний төлөвлөгөөг 2022 оны 4 дүгээр сард НҮБ-ын 1540 хороонд хүргүүлсэн явдалд Монгол Улсын хувьд тус тогтоолын хүрээнд хүлээсэн үүргээ идэвхтэй биелүүлж байгаагийн илрэл болохыг онцлон тэмдэглэж холбогдох олон улсын байгууллагуудын зүгээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 тогтоолын хэрэгжилтийг хангахад Монгол Улсад туслалцаа үзүүлэх бүрэн боломжтойг илэрхийлсэн.

НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн албаны Ази, номхон далайн бүс нутаг хариуцсан зохицуулагч Аманда Каул

Семинарын үеэр НҮБ-ын АЗ-ийн 1540 тогтоолын хүрээнд хими, биологи, цацраг,  цөмийн хяналт, аюулгүй байдал, стратегийн худалдааны хяналтын нөхцөл байдлын талаар хэлэлцэж, оролцогч олон улсын байгууллагууд, гадаад улсын байгууллагуудаас боломжит туслалцааны саналуудыг танилцуулав.

Түүнчлэн, үндэсний төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрхэн үндэсний байгууллагууд болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх тухай болон төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар санал солилцсон ба НҮБ-ын АЗ-ийн 1540 (2004) тогтоолын хүрээнд хими, биологи, цацраг, цөмийн аюулгүй байдлыг хангах, экспортын хяналтын хууль тогтоомж, хоёрдмол зориулалттай барааны жагсаалтыг боловсруулах ажлуудыг эрэмбэлэхэд олон улсын байгууллагуудын мэргэжилтэн, судлаачдаас зөвлөмж авч, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн ба үүний дүнд ЕАБХАБ-аас хэрэгжүүлж буй хими, биологийн аюулгүй байдлын төсөл, хөтөлбөрт хамрагдах, экспортын хяналтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулах, Европын комиссоос гаргасан хоёрдмол зориулалттай барааны жагсаалтыг орчуулахад НҮБ-ын зүгээс санхүүгийн туслалцаа үзүүлэх шийдвэрүүд гарч олон улсын байгууллагууд, гадаад улсаас дээрх чиглэлээр техникийн болон санхүүгийн туслалцаа авах боломж нөхцөлийг бүрдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрөв.


НИЙТЭЛСЭН: 2022-12-09 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3