Мэдээ мэдээлэл
ЕАБХАБ БОЛОН НҮБ-ЫН ТТА ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗҮҮН ЕВРОПЫН АЛБАН БУС АЖЛЫН ХЭСЭГ БОЛОН ЗОРЧИГЧИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ ЗУРГААДУГААР УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛС ОРОЛЦОВ

ЕАБХАБ болон НҮБ-ын ТТА-аас Австри Улсын Вена хотноо 2022 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд хамтран зохион байгуулсан “Зүүн европын албан бус ажлын хэсэг болон Зорчигчийн мэдээлэл солилцооны зургаадугаар дугаар уулзалт”-д Монгол Улс хоёр дахь жилдээ оролцлоо.

Тус уулзалтыг 2021 оны 10 дугаар сараас ЕАБХАБ болон НҮБ-ын ТТА хамтран зохион байгуулж эхэлж байгаа бөгөөд энэ удаад хоёр дахь удаагийн уулзалтыг зохион байгуулж өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарсан ахиц дэвшлийг хэлэлцэж 2022-2023 онд хийгдэх ажлуудыг тохиров.

Зүүн Европын Албан Бус Ажлын хэсгийн зорилго нь НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн 2178 (2001), 2396 (2017), 2482 (2019) холбогдох тогтоолуудыг бүс нутагт хэрэгжүүлэх хүрээнд зорчигчийн мэдээллийн төвийн эрх зүйн орчинг бий болгох, зорчигчийн мэдээллийн төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх, агаарын тээвэрлэгчээс зорчигчийн мэдээллийг хүлээн авах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, эрх бүхий байгууллагуудад шилжүүлэх чадамжийг бүрдүүлэх, тэргүүн сайн туршлагуудыг солилцох, бүс нутагт албан бус хамтын ажиллагааг дэмжих зорилготой.

НҮБ-ын ТТА болон ЕБХАБ-ын даргалагч нарын зүгээс 2022-2023 онд Зүүн Европын Албан Бус Ажлын хэсгийг хоёр жилээр даргалах саналыг дэвшүүлж Киргиз Улсыг ажлын хэсгийн даргалагчаар хэвээр үлдээж Албани, Монгол Улс, Монтенегро, Гүрж Улсуудыг тус тус ажлын хэсгийн хууль эрх зүй, үйл ажиллагаа, тээврийн салбар, мэдээллийн технологийн холболтыг хариуцуулахаар дахин 1 жилээр сунгалаа. Монгол Улс зорчигчийн урьдчилсан мэдээлэл, зорчигчийн нэрийн бүртгэлийн мэдээлллийн олон улсын стандартуудыг Зүүн Европын улс орнуудын хууль эрх зүйн тогтолцоонд нутагшуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллахаар тогтов.

 

Уг уулзалтын нээлтэнд ЕАБХАБ-ын Үндэстэн Дамнасан Аюул Заналыг шийдвэрлэх асуудлыг хариуцсан Элчин сайд, Алена Купчина; НҮБ-ын ТТА-ны орлогч дарга бөгөөд Тусгай төсөл, инновацийн газрын дарга Мауро Миедико, ЕАБХАБ-ын 2022 оны даргалагч Рой Годдинг, АНУ-ын Дотоод хэргийн яамны Гааль, Хил хамгаалах байгууллагын дарга Дэвид Додсон нар оролцож нээлтийг үг хэлэв.

Элчин сайд, Алена Купчинагийн зүгээс API/PNR тогтолцоог бүрдүүлэх нь үргэлжилсэн үйл явц гэдгийг тэмдэглээд зөвхөн агаарын боомтоос гадна, хуурай зам, усан тээврийн салбарт өргөжүүлж нэвтрүүлэх нь аюлгүй байдлын тогтолцоогоо хангахад улс орнуудад туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн бол Мауро Миедикогийн зүгээс 3 жилийн өмнө эхэлсэн хөтөлбөр гэхэд НҮБ-ын Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөрт одоогоор 52 улс нэгдээд байна. Энэхүү тогтолцоог бүрдүүлэхэд 3-5 жил шаардагдаж буй бөгөөд саяхан буюу 3 долоо хоногийн өмнө Норвеги улс бүрэн ажиллагаатай Зорчигчийн Мэдээлийн Төвийг байгуулаад байгааг мэдэгдэж НҮБ-ын ТТА-ны зүгээс бүхий л тээврийн салбарт (агаарын тээвэр, төмөр зам, хуурай замын боомт, усан боомт) API/PNR тогтолцоог бүрдүүлэх багц төслүүдийг хэрэгжүүлж байгаагаа мэдэгдэв. Эцэст нь Мауро Миедикогийн зүгээс API/PNR мэдээллийг хариуцлагатай ашиглах шаардлагатай гэдгийг уриалав.

 

Тус уулзалтаар Монгол Улсын төлөөлөл НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн 2178 (2001), 2396 (2017), 2482 (2019) холбогдох тогтоолуудын хэрэгжилтийг тайлагнаж олон улсын агаарын тээвэрлэгчээс зорчигчийн урьдилсан мэдээлэл авах, боловсруулах, дүн шинжилгээ хийх үндэсний тогтолцоог бүрдүүлж буй явц, ахиц дэвшил, мөн 2021-2022 онд Зүүн Европын Албан Бус Ажлын хэсгийн хүрээнд төлөвлөгдсөн ажлуудын үр дүнг танилцуулав.

 


НИЙТЭЛСЭН: 2022-11-18 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3