Мэдээ мэдээлэл
НҮБ-аас хэрэгжүүлж буй "CT TECH" төслийн бүс нутгийн уулзалтад оролцлоо

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Терроризмтой тэмцэх төвөөс 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан “CT Tech” төслийн уулзалтад Монгол Улсыг төлөөлж Терроризмтой тэмцэх зөвлөл оролцлоо.

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны Терроризмтой тэмцэх төвөөс хэрэгжүүлж буй “Кибер аюулгүй байдал, шинэ технологийн чиглэлээр терроризмтой тэмцэх дэлхийн хөтөлбөр”-ийн хүрээнд НҮБ-ын ТТТ Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагатай /ИНТЕРПОЛ/ хамтран Европын холбооны санхүүжилтээр тус төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь террорист этгээдүүд шинэ технологийг буруугаар ашиглахтай тэмцэх, терроризмтой тэмцэхэд шинэ технологийг ашиглах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 2,5 жилийн хугацаанд хэрэгжих төсөл юм.

Төслийг хэрэгжүүлснээр (1) терроризмтой тэмцэх бодлого үр дүнтэй болох, (2) терроризмтой тэмцэх чиг үүрэгтэй байгууллагын үйл ажиллагааны чадавх сайжрах ач холбогдолтой ба төслийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын ТТТ-өөс бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх байдлаар оролцох бол ИНТЕРПОЛ-оос үйл ажиллагааны түвшинд буюу олон улсын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, сургалт зохион байгуулах байдлаар оролцоно.

            Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор НҮБ-ын гишүүн орнуудын нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор НҮБ-ын ТТТ-өөс бүс нутгийн хэмжээнд уулзалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын ТТТ, ИНТЕРПОЛ, Европын Холбоо, ЕАБХАБ, Төв Азийн орнууд /Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан/ болон Монгол Улсын төлөөлөгчдийг оролцуулсан цахим уулзалтыг хийлээ.

            Уулзалтанд оролцсон олон улс, бүс нутгийн байгууллагууд шинэ технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн бол улсууд өөрсдийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлын талаар танилцуулсан илтгэлийг 15 минутын хугацаанд тавив.

Манай улсын хувьд одоогийн шинэ технологийн хэрэглээ, терроризмын аюул заналын нөхцөл байдал, холбогдох хууль, эрх зүйн орчин болон байгууллагын зохион байгуулалт, терроризмтой тэмцэхэд шинэ технологи ашиглах одоогийн чадамж, тулгамдаж буй сорилт, бэрхшээлийн талаар танилцуулж айлын талаас  техник туслалцаа авах хүсэлтээ илэрхийллээ.

Оролцогч улсуудын илтгэлийн дараагаар ЕАБХАБ-аас “Террорист этгээдүүд интернетийг буруугаар ашиглаж буй аюул заналтай тэмцэх үр дүнтэй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьж тус байгууллагаас хэрэгжүүлж буй цахим болон танхимын сургалтын талаар танилцуулж хүсэлт гаргасан улсыг хамруулах боломжтойг онцлов. Тухайлбал терроризмын зорилгоор интернетийг ашиглахтай тэмцэх ширээний дасгал сургуулилт хийх, гадаад улсаас цахим үйлчилгээ үзүүлэгчдээс электрон нотлох баримт /e-evidence/ хүсэх, төв азийн орнуудын хууль сахиулах байгууллагуудыг хамруулан кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавх бэхжүүлэх бүс нутгийн сургалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж буй талаар дурдав.

            Энэхүү бүс нутгийн уулзалт нь террорист этгээдүүд шинэ технологийг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэх, терроризмтой тэмцэхэд шинэ технологи ашиглах үндэсний чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг авах хэрэгцээ, шаардлагаа манай талаас айлын талд бүрэн илэрхийлсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө. Цаашид Терроризмтой тэмцэх зөвлөлөөс уг төслийн хүрээнд НҮБ-ын ТТТ болон Интерполтой хамтран далд веб хуудас /dark web/, ил мэдээллийн эх сурвалж ашиглах, криптовалют, царай таних технологи зэрэг шинэ технологийг терроризмтой тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах чиглэлээр ТТЗ-ийн бүрэлдэхүүн байгууллагуудад үе шаттайгаар сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.    

 

 

 


НИЙТЭЛСЭН: 2022-04-15 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3