Мэдээ мэдээлэл
“ОНЦ ЧУХАЛ ДЭД БҮТЦИЙГ КИБЕР ТЕРРОРИСТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЬ” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай хамтран “Онц чухал дэд бүтцийг кибер террорист халдлагаас хамгаалах нь” сэдэвт үндэсний семинарыг 2021 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Арга хэмжээг нээж Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра хэлсэн үгэндээ “Ковид-19 цар тахал дэлхий нийтэд тархсан цагаас эхлэн хүн төрөлхтөн технологийн дэвшлээс хэт хамааралтай болж эхэлж байгаа нь нөгөө талаар кибер террорист халдлагад өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. НҮБ-ын Терроризмтой тэмцэх төвийн “Олон улсын кибер аюулгүй байдал болон шинэ технологийн хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэ удаагийн семинар нь НҮБ-ын кибер аюулгүй байдал болон терроризмтой тэмцэх сайн туршлагыг Монгол Улсад танилцуулж, онц чухал дэд бүтцийг кибер террорист халдлагаас хамгаалах тогтолцоог боловсронгуй болгоход оршиж байгаа юм” гэв.

Харин ТТЗ-ийн дарга, хошууч генерал П.Одонбаатар үг хэлэхдээ “Манай улс НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2020 оны Глобал цахилгаан холбооны индексээр дэлхийн 182 орноос 120-р байранд орж байна. Үүний шалтгаан нь энэ талаарх хууль, эрхзүйн орчин бүрдээгүй, кибер аюулгүй байдлын үндэсний стратеги байхгүй, кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, олон нийтийн мэдлэг дутмаг, энэ чиглэлийн боловсролын хүртээмж хангалтгүй зэрэгтэй холбоотой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн үүрэг, чиглэлдээ “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Монгол Улсын терроризмтой тэмцэх тогтолцоог бэхжүүлэх болон кибер аюул заналтай тэмцэх тогтолцоог бүрдүүлж, боловсон хүчинг мэргэшүүлэх чиглэлээр холбогдох бүхий л дэмжлэгийг төрийн тэргүүний зүгээс үзүүлнэ. Мөн түүнчлэн энэ чиглэлээр Монгол өөрийн олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэхэд болон бүс нутгийн терроризмыг бууруулах чиглэлд олон улсын түвшинд хамтын ажиллагааг нэн тэргүүний зорилго болгон ажиллах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Кибер терроризмтой бүх нийтээрээ үр дүнтэй тэмцэхэд олон улсын нягт хамтын ажиллагаа, мэдээллийн болон сайн туршлагын харилцан солилцоо, чадавх нэмэгдүүлэх чиглэлийн харилцан дэмжлэг юунаас илүү чухал болж ирлээ. Энэ удаагийн “Улсын онц чухал дэд бүтцийг кибер террорист халдлагаас хамгаалах нь” сэдэвт үндэсний семинар энэ чиглэлийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид,  мэргэжилтэн, шинжээч, судлаач нар хоорондын дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхийн зэрэгцээ тэдгээрийн мэдлэг, ур чадварыг сайжруулан кибер терроризмын бодит эрсдэл, эмзэг байдлаа таньж, ойлгоход чиглэнэ гэж үзэж байна. Мөн энэхүү үндэсний хэмжээний семинарын үр дүнд манай улсын онц чухал дэд бүтцийг чиглэсэн болзошгүй кибер террорист халдлагын эсрэг сонор сэрэмж дээшлэн, кибер терроризмтой тэмцэх үндэсний бэлэн байдлын тогтолцоо, дархлаа бий болно гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.

Хоёр өдрийн турш цахим болон танхим хосолмол хэлбэрээр зохион байгуулагдсан энэхүү семинарт онц чухал дэд бүтцийн, боловсролын, хууль сахиулах байгууллагуудын /түлш, эрчим хүч, ус, агаарын тээвэр, банк санхүү, зам тээвэр, их, дээд сургуулиуд/ 200 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд арга хэмжээний эхний өдөр манай талаас Монгол Улсын кибер аюулгүй байдлын нөхцөл байдал, сорилтын талаар танилцуулсан бол НҮБ-ын ТТА болон ИБУИНХУ-ын Дотоод хэргийн яам “Кибер халдлагаас онц чухал дэд бүтцийг хамгаалах үндсэн арга ажиллагаа”, “Онц чухал дэд бүтцийг хамгаалахад үндэсний CERT-ийн үүрэг оролцоо”, “Онц чухал дэд бүтцийн эрсдэлийг ойлгох нь” сэдвээр илтгэл тавив. Харин дараагийн өдөр кибер халдлагад онц чухал дэд бүтэц өртсөн тохиолдолд хэрхэн ажиллах талаар дасгал хийж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Онц чухал дэд бүтцийг чиглэсэн кибер террорист халдлага нь төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг тасалдуулж, ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байдаг. Иймд эдгээр халдлагаас Монгол Улс урьдчилан сэргийлж бэлэн байдлыг хангахад НҮБ-ын ТТА дэмжлэг үзүүлж тус семинарыг зохион байгуулсан ба Монгол Улсын онц чухал дэд бүтцийг кибер террорист халдлагаас хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, кибер халдлагад хариу арга хэмжээ авах, үндэсний эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлж бэлэн байдлыг хангах зорилготой чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.  

 


НИЙТЭЛСЭН: 2021-11-18 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3