НҮБ-ын 2021-2022 онд терроризмтой тэмцэх уриалга

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас “Терроризмтой тэмцэх долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан салбар хуралдаануудын талаар товч тоймлон хүргэж байна.

 

НҮБ-ын 2021-2022 онд терроризмтой тэмцэх уриалга 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Воронков НҮБ-аас 2021-2022 онд терроризм, хэт даврах үзлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр 52 төсөл, хөтөлбөрийг /улсын хэмжээний 18, бүс нутгийн хэмжээний 15, дэлхий нийтийн хэмжээний 19/ хэрэгжүүлэхээр төлөвлөн үүнд 180 гаруй сая ам.долларын санхүүжилт шаардлагатайг дурдан хандивлагч орнуудаас хүслээ. Тэрээр гишүүн орнууд цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээх нэн тэргүүний сорилттой нүүр тулан амаргүй нөхцөл байдалд байгаа хэдий ч террорист бүлэглэлүүд, хэт даврах үзэлтнүүд олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул занал хэвээр байгааг онцлов. Хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь хэт даврах үзэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хилийн аюулгүй байдал, хууль сахиулах, эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлэх, хэт даврах үзэлтэй ялтны талаарх менежмент, гадаад террорист дайчдыг яллах, сэргээн засах, эх оронд нь буцаан авчрах, терроризм ба зохион байгуулалттай гэмт хэргийн холбоо, хохирогчид үзүүлэх дэмжлэг, залуучуудын оролцоо зэрэг чиглэлээр зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд НҮБ-ын харья нэгжүүд болон бусад бүс нутаг, олон улсын байгууллагууд оролцоно гэв.

Мөн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Нарийн бичгийн дарга Гада Фати Уали уг арга хэмжээний хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг дурдлаа. Тухайлбал:

  • НҮБ-ын ТТА-тай хамтран гишүүн орнуудад терроризмын хохирогчийн талаарх хууль эрх зүйн тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  • НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран терроризм, хэт даврах үзлийн эсрэг эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, дуу хоолойг дэмжих
  • Африк тив дэх терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг сайжруулах

НҮБ-ын Терроризмтой тэмцэх хорооноос уг уриалгыг хэрэгжүүлснээр шинэ тутам гарч буй сорилтуудыг шийдвэрлэх чадавхжуулах чиглэлийнн төсөл төлөвлөх, хөрөнгө оруулах, НҮБ-ын төв байр болон тухайн газар орон дээрх хөрөнгийн нөөц бололцоог сайжруулж, нэмэгдүүлэх, улс орнуудад нэн шаардлагатай техникийн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Тус арга хэмжээний үеэр Нигер Улс дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөгч, Бангладеш Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчид терроризм, хэт даврах үзэлтэй тэмцэх чиглэлээр одоо хэрэгжиж буй НҮБ-ын хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийн НҮБ-аас хэрэгжүүлж буй эдгээр төсөл хөтөлбөрүүд нь чухал ач холбогдолтойг илэрхийлсэн юм. Түүнчлэн Кени Улс, Тажикстан Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчид оролцож НҮБ-ын терроризмтой тэмцэх тус уриалгыг бүрэн дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах хэрэгцээ шаардлагаа танилцуулснаар уг арга хэмжээ өндөрлөв.


НИЙТЭЛСЭН: 2021-07-24 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3