Терроризм, хүчирхийлэл дагуулсан хэт даврах үзэлтэй тэмцэхэд “Ковид-19” цар тахлын үзүүлж буй нөлөө

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас “Терроризмтой тэмцэх долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан салбар хуралдаануудын талаар товч тоймлон хүргэж байна.

 

Терроризм, хүчирхийлэл дагуулсан хэт даврах үзэлтэй тэмцэхэд “Ковид-19” цар тахлын үзүүлж буй нөлөө

 

Дэлхий дахинд тархаад буй Ковид-19 цар тахал нь терроризм, түүнтэй тэмцэх үйл ажиллагаанд эерэг болон сөргөөр нөлөөлж байгааг тус хэлэлцүүлэгт оролцсон судлаачид илэрхийллээ. Тухайлбал:

Цар тахлаас үүдэн улс орнууд хилээр нэвтрэхийг хориглох шийдвэр гаргаж байгаа нь террорист этгээдүүд зорчих, элсүүлэх, халдлага үйлдэх зэрэг үйл ажиллагааг хязгаарлаж байна. Үүнээс үүдэн террорист бүлэглэлүүд өөр арга зам хайх, тухайлбал хууль бусаар хил нэвтрэх, далайн тээврийг ашиглаж болзошгүйг анхааруулж урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахыг онцлов.

Террорист этгээдүүд цахим орчинд суртал ухуулга хийх, буруу мэдээлэл тараах, цахим гэмт хэрэг үйлдэх зэргээр цахим орчинд идэвхтэй ажиллах болсон. Хууль сахиулах байгууллагууд үүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа ч ингэж ажиллахын хэрээр хэт даврах үзэлтэй, террорист бүлэглэлүүд цахим орчин дахь үйл ажиллагаагаа нууц цахим хуудас руу шилжүүлж байгаа нь гишүүн орнуудад шинэ сорилт болж байна.

Түүнчлэн террорист гэмт хэрэгтэй холбоотой этгээдийг яллах, сэргээн засах, эх оронд нь буцаан авчрах арга хэмжээ нь цар тахлын эсрэг хариу арга хэмжээ буюу аяллын хориг, олон хүн цуглах, албан байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах зэргээс үүдэн хангалттай хэмжээнд хийгдэхгүй байгаа нь цаашид сөрөг үр дүнд хүргэж болзошгүй гэжээ.

Цар тахалтай холбоотойгоор терроризмыг санхүүжүүлэх шинэ арга хэлбэр ч даган гарч ирж байна. Тухайлбал цар тахалтай тэмцэх нэрийдлээр хандив, тусламж цуглуулах, мөнгө угаах,  виртуал хөрөнгө түлхүү ашиглаж байна. Түүнчлэн зайнаас гүйлгээ хийх үйлчилгээ ихсэж байгаа нь санхүүгийн байгууллагын хувьд хэрэглэгчийг таньж мэдэх ажиллагааг бүрэн гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлж байна.

Гишүүн орнуудын цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ нь хүний эрхийг тодорхой хэмжээнд зөрчиж байгааг иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн төлөө тэмцэгч нар анхааруулсаар байна. Хүний эрхийг зөрчиж буй явдал нь иргэдийн уур бухимдлыг төрүүлэх, цаашлаад засгийн газрын эсрэг үзэн ядах үг хэллэг гарах, террорист бүлэглэлүүд өөрт ашигтайгаар ард иргэдийг турхирах явдал гаргаж болзошгүйг дурдав. Тиймээс гишүүн улсууд цар тахалтай тэмцэх аливаа шийдвэрийг хүний эрхэнд нийцсэн, шинжлэх ухаанч байдлаар гаргах нь зүйтэйг онцлов.

Товчхондоо Ковид-19 цар тахлын улмаас терроризм, хэт даврах үзэлтэй тэмцэхэд хилийн менежмент, цахим орчин, яллах, сэргээн засах, эх оронд нь буцаан авчрах, терроризмыг санхүүжүүлэх, хүний эрх гэсэн чиглэлд тодорхой хэмжээнд нөлөөлж байна гэж үзжээ.  Түүнчлэн улс орнууд цар тахалтай тэмцэх нэн тэргүүний зорилт тавин терроризм, хэт даврах үзэлтэй тэмцэх үйл ажиллагааны төсвийг дахин хуваарилж байгаа нь дэлхий нийтээрээ терроризмтой тэмцэх үйл хэрэгт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхээр байна.


НИЙТЭЛСЭН: 2021-07-21 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3