Мэдээ мэдээлэл
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2021 оны хоёрдугаар улирлын ээлжит хуралдаан 6 дугаар сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанд Терроризмтой тэмцэх зөвлөлийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий гишүүн 22 төрийн байгууллагын төлөөллөөс гадна орон нутаг дахь салбар зөвлөлийн гишүүд анх удаа оролцсоноороо илүү өргөн хүрээг хамарсан онцлогтой болов.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ улс орон даяар үүсээд буй “Ковид-19” цар тахалын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ удаагийн ээлжит хуралдааныг цахимаар зохион байгуулж буй талаар дурдаад, энэхүү цар тахал нь дэлхий дахинд кибер терроризм, криптовалют ашиглан терроризмыг санхүүжүүлэх, хоригоос зайлсхийх зэрэг шинэ эрсдэлүүдийг бий болгож байгааг онцлон тэмдэглэв.

Хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд болон НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас хэрэгжүүлж буй “Шинэ технологи ба кибер аюулгүй байдал” хөтөлбөр, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний явц, үр дүн, НҮБ-аас террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих “GoTravel системийг нутагшуулахад хийгдсэн үнэлгээний үр дүн сэдвээр тус тус танилцуулга хийсэн бол Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. Мөн НҮБ-аас террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих “GoTravel системийг манлайлан хэрэгжүүлэх байгууллага, үндэсний зохицуулагч, санхүүжилт хариуцах байгууллагыг сонгох, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэсэн байна.


НИЙТЭЛСЭН: 2021-07-01 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3