Мэдээ мэдээлэл
МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ НҮБ-ЫН “ЗОРЧИГЧИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЛИЙН ДЭВШИЛТЭД СИСТЕМ”-ИЙГ /GOTRAVEL/ НЭВТРҮҮЛЭХ УРЬДЧИЛСАН ЦОГЦ ҮНЭЛГЭЭГ НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ НҮБ-ЫН “ЗОРЧИГЧИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЛИЙН ДЭВШИЛТЭД СИСТЕМ”-ИЙГ /GOTRAVEL/ НЭВТРҮҮЛЭХ УРЬДЧИЛСАН ЦОГЦ ҮНЭЛГЭЭГ НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ.Монгол Улс хилийн хяналтыг сайжруулах хэрэгцээ, шаардлагын хүрээнд нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжид заасан үндэслэл, шаардлагын хүрээнд “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн болон зорчигчийн нэрийн бүртгэлийн дэвшилтэд систем”-ийг зайлшгүй нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлагатай  байна гэж олон улсын байгууллагуудын зүгээс холбогдох дүгнэлт, зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн бөгөөд энэхүү үндэсний чадамжийг сайжруулсны дараа олон улсын гэрээ, конвенци, дотоодын эрх зүйн баримт бичгүүдэд заасан хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой болох юм.

Олон улсад үүсч буй терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй  нөхцөл байдалтай холбогдуулан хилийн хяналт, шалгалтыг сайжруулах үндэсний чадавхыг бэхжүүлэх, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцооны шуурхай байдлыг сайжруулах зорилгоор   “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн болон зорчигчийн нэрийн бүртгэлийн дэвшилтэд систем”-ийг буюу API/PNR (Advanced Passenger Information/Passenger Name Record)-ийг  нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэж холбогдох байгууллагаас үнэлгээ хийсэн бөгөөд доорх төрлийн аюул занал, эрсдэлтэй  дотооддоо болон олон улсад тэмцэх чадавх нэмэгдэнэ гэж үзэж байна. Үүнд:

  • Хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсгийн хууль бус худалдаа;
  • Терроризмын аюул заналхийлэл, мөнгө угаах болон терроризм санхүүжүүлэх гэмт хэрэг;
  • Халдварт өвчин, цар тахал;
  • Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг;
  • Хууль бус цагаачлал, хөдөлмөр эрхлэлт.

“Зорчигчийн урьдчилсан мэдээллийн болон зорчигчийн нэрийн бүртгэлийн дэвшилтэд систем”-ийг нэвтрүүлж хилийн хяналтыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын ЗГХЭГ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, “Хилийн хяналт, шалгалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай”  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаар тогтоол, “Хилийн хяналт, шалгалтыг сайжруулж, олон улсын зорчигч шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах тухай”  Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжүүд тус тус гарч байсан.

Монгол Улс  нь хилийн хяналтыг сайжруулах үйл ажиллагааны зорчигчийн урьдчилсан мэдээллийн болон зорчигчийн нэрийн бүртгэлийн систем хөгжүүлж нийлүүлдэг  хуулийн этгээдүүдтэй сүүлийн 3 жилийн турш хамтран ажилласан бөгөөд НҮБ-ын Зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем “GoTravel” системийг бусад төрлийн системүүдээс давуу талтай  гэж үзсэн.

Аливаа улс орнууд нь зорчигчийн хөдөлгөөнийг хянах үндэсний программ хангамж бүхий тогтолцоог бий болгоход 25-30 орчим сая ам.доллар зарцуулдаг гэсэн олон улсын байгууллагын судалгаа байдаг байна. Хэрэв Монгол Улс бусад ашгийн буюу хувийн байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллавал уг бүртгэлийн системийг ашигласны төлбөрийг  зорчигчдын тасалбар дээрээс нэмэгдэл болгон авах бөгөөд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн байгууллагууд 2.5-7.5 ам.долларыг нэг зорчигчоос авч 10-20 жилээр гэрээ байгуулдаг байна. Монгол Улсын иргэд жилдээ энэхүү бүртгэлийн системийг ашигласны төлбөрт 7.5-22.5 сая ам.доллар төлөх улмаар 10 жилийн хугацаанд 75-225 сая ам.доллар төлөх эдийн засгийн хувьд ашиггүй нөхцөл гэж дүгнэж үзсэний үндсэн дээр НҮБ-ын хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ 2019 онд гаргасан.

НҮБ-ын уг цогц системийн нийт төсөвт өртөг нь 12-15 сая ам.доллар бөгөөд НҮБ-ын зүгээс өөрийн гишүүн орнуудын хандивын тусламжаар хөгжиж буй болон эрсдэлийн зэрэг өндөртэй орнуудад үнэ төлбөргүйгээр тусламж хэлбэрээр нутагшуулж өгдөг бөгөөд Монгол улсад энэхүү  цогц системийг ийм нөхцөлөөр нутагшуулахаар болоод байна.

Хөтөлбөрийн давуу тал:

  • НҮБ-ын "GoTravel" зорчигчийн нэгдсэн мэдээллийн систем 38 улс орон ашиглаж байна;
  • НҮБ-ын "GoTravel" зорчигчийн нэгдсэн мэдээллийн систем нь бусад энгийн зорчигчийн нэгдсэн мэдээллийн программын үүргийг гүйцэтгэхээс гадна нэмэлт олон боломжуудтай;
  • Гадаад террорист дайчид болон террорист этгээдүүдийн хань харилцаа тэдгээрийн хянах боломжийг бүрдүүлж ирээдүйд олон улсын түвшинд учир болзошгүй аюул заналаас урьдчилан сэргийлэх боломжийг хангах давуу талтай;
  • Террорист этгээдрүү чиглэх бус үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэл, гэмт этгээдүүд, хүний наймаа, хар тамхи, мөнгө угаах зэрэг олон улсад тулгамдаад буй гэмт хэргүүдтэй тэмцэхэд ашиглах боломжтой;
  • Интерполын сан, олон улсын террорист этгээдүүдтэй холбоотой сангуудтай шууд холбогддог;
  • Нутагшуулсан улс орнууд нь зорчигчийн мэдээллийн системд сэжигтэй этгээдийн талаар автоматаар хайлт хийдэг бөгөөд энэхүү хайлт хийдэг мэдээллийн баазыг олон улсын мэдээллийн нэгдсэн сангууд болох НҮБ, Интерпол болон НҮБ-ын гишүүн орнуудаас гадна дотоодын гэмт хэргийн болон иргэний бүртгэлийн системийн тусламжтайгаар баяжилт хийгддэг байна.

 

Монгол Улсын ТТЗ-ийн зүгээс ҮАБЗ-ийн зөвлөмжийн хүрээнд “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэд систем”-ийг зайлшгүй нэвтрүүлэх чиглэлээр 2021 оны 3-р сарын 15- өдөр  НҮБ-ын ЕНБД орлогч В.И.Воронковтой Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн Газрын Тэргүүн, Элчин сайд В. Энхболд  тус хөтөлбөрт хамрагдах асуудлаар уулзалт яриа хийж 2020 оны 4 дүгээр  сарын 19-ны өдөр цахимаар хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилан цогц үнэлгээ хийх санал тавьж үнэлгээ үйл ажиллагаахаар тогтов.

ТТЗ-өөс 2020 оны 4 сард НҮБ-ын Терроризмтой тэмцэх хорооны гүйцэтгэх алба(UNCTED), НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба(UNODC), Терроризмтой тэмцэх алба (UNOCТ), Мэдээлэл, холбоо технологийн алба (OICT), Олон улсын иргэний нисэхийн байгууллага(ICAO), Интерполын үндэсний товчоо(INTERPOL) зэрэг олон улсын байгууллагын 15 мэргэжилтэн, шинжээчдийн хамт зорчигчийн урьдчилсан мэдээллийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль зүйн, үйл ажиллагааны бэлэн байдлын, агаарын тээврийн салбарын болон техникийг үнэлгээг зохион байгуулав.

Монголын талаас ТЕГ, МХЕГ, ГХЯ, ХЗДХЯ, ҮАБЗ, ХХЕГ, ХЭҮК, ГЕГ, ГИХГ, ИНЕГ, ХХМТГ, ХХЗХ, ЦЕГ, Интерпол, УПЕГ зэрэг төрийн 15 байгууллага, Изинис Эйрвэйс ХХК, Хүннү Айр ХХК, МИАТ ТӨХК, Аеро Монголиа ХХК зэрэг хувийн 4 байгууллага нийт 19 байгууллагын 54 мэргэжилтэн, 4 ажлын хэсэгт хуваагдан оролцов.

Иж бүрэн үнэлгээг НҮБ-ын үнэлгээний газрын хуулийн ахлах мэргэжилтэн, НҮБ-ын терроризмтой тэмцэх хорооны гүйцэтгэх захирал (CTED) Жан Филипп Моранж, ТТЗ-ын ТТЗ-ын нарийн бичгийн дарга Ж.Төгс-Очир нар удирдаж явуулав.

Үнэлгээний үр дүнд НҮБ-ын талаас “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн болон зорчигчийн нэрийн бүртгэлийн дэвшилтэд систем”- ийг хэрэгжүүлэх  үндэсний замын зураглал (National Roadmap)-ыг боловсруулж ирүүлээд байна.

ТТЗ-өөс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн Газарт танилцуулж холбогдох шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байна.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              


НИЙТЭЛСЭН: 2021-06-14 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3