Мэдээ мэдээлэл
ЕАБХАБ-аас терроризмыг санхүүжүүлэх, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх тухай бүс нутгийн бага хурал зохион байгууллаа

ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх газар, Туркменистан Улсын Гадаад харилцааны яам, Санхүү, эдийн засгийн яам хамтран 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр цахимаар зохион байгуулсан терроризмыг санхүүжүүлэх, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх тухай бүс нутгийн бага хуралд Терроризмтой тэмцэх зөвлөлөөс оролцлоо.

            Бага хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  1. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хүний эрхэд нийцсэн арга хэлбэр, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог сайжруулах
  • ЕАБХАБ-ын оролцогч улсууд хүний эрхэд нийцсэн арга хэлбэрийг терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүчин чармайлтын салшгүй нэг хэсэг гэж үзэн, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд нь ЕАБХАБ-аас дэмжлэг үзүүлэх тухай дурдсан. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд  төрийн болон төрийн бус байгууллагууд мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг дурдаж, эрсдэлд суурилсан арга хэлбэрийг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэхэд ашиглахаас урьдчилан сэргийлэх зэрэг нь терроризмыг санхүүжүүлэх санхүүгийн урсгалыг зогсооход ихээхэн хувь нэмэр оруулахыг  онцоллоо.
  • Цар тахлын улмаас терроризмыг санхүүжүүлэх, зохион байгуулалттай гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж, эдгээр этгээдүүд голчлон цахимаар хууль бус үйл ажиллагааг явуулан ашиг хонжоо олж, цаашдын үйл ажиллагааг санхүүжүүлж байна. Тиймээс оролцогч улсууд, олон улсын байгууллагууд цахим орчинд терроризмыг санхүүжүүлэх, террорист дайралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэжээ.
  1. Зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хөрөнгө буцаах, зорилтот санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой сайн туршлага, сургамж
  • Зохион байгуулалттай гэмт хэрэг, авилгалтай тэмцэхэд хөрөнгө царцаах, хөрөнгийн мөрөөр мөшгих чиглэлээр олон улсын туршлага, сургамж, арга хэлбэрийн талаар мэдээлэл солилцох ач холбогдлын талаар хэлэлцэж, хөрөнгө буцаах үйл ажиллагаа нь ээдрээтэй тул үр дүнтэй олон улсын хамтын ажиллагаа, дотоодын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх сайн тогтолцоо байх нь зүйтэйг дурдлаа.
  • Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд НҮБ-ын АЗ-ийн 1373 (2001)[1], 1267 (1999)[2], 1989 (2011)[3], 2253 (2015)[4] тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлснээр террорист этгээд, байгууллагуудын санхүүгийн урсгалыг зогсоох боломжтой тухай онцолсон юм.

Терроризмыг санхүүжүүлэх, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны механизмыг бэхжүүлж, хүний эрхэд нийцсэн арга хэлбэрийг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой тул ЕАБХАБ-аас энэ чиглэлээр аливаа улс оронд дэмжлэг үзүүлэх бүрэн сонирхолтой байна.

 

[1] НҮБ-ын гишүүн орнууд терроризмтой тэмцэх чиглэлээр мэдээлэл солилцох, терроризмын тухай олон улсын конвенцид үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх тухай

[2] Аль-Кайда, Талибантай холбоотой хориг арга хэмжээ авах тухай

[3] Олон улсын энх тайван, аюулгүй байдалд терроризм ноцтой аюул занал учруулж буйг анхааруулан Аль-Кайда террорист бүлэглэлтэй холбоотой хориг арга хэмжээ авах, гишүүн улсууд мэдээ мэдээллээр хангах тухай

[4] Исламын улс, Аль-Кайда террорист байгууллагад хориг арга хэмжээ авах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хатуу арга хэмжээ авах тухай


НИЙТЭЛСЭН: 2021-06-02 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3