Мэдээ мэдээлэл
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2021 оны нэгдүгээр улирлын хуралдаан 04 дүгээр сарын 01-ний өдөр цахим хэлбэрээр анх удаа зохион байгуулагдлаа.

 

 

Терроризмтой тэмцэх зөвлөлийн бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн 22 байгууллага багтдаг бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас энэ удаагийн ээлжит хуралдааныг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

 

Тус хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын албанаас 2020 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан болон 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан бол Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас Олон улсын санхүүгийн хориг арга арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл танилцуулав. Мөн хуралдаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас санал болгож буй Зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэд систем “goTravel” хөтөлбөрт хамрагдах, үндэсний зохицуулагчийг томилох, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 1540 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, терроризмтой тэмцэх чиглэлээр сургалт, мэдээллийн ажлыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэв.

 

Түүнчлэн хуралдааны үеэр Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатар террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бэлэн байдлыг хангах зорилгоор зохион байгуулахаар товлосон “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг Ковид-19 цар тахлын хорио цээрийн дэглэм сулрахаар зохион байгуулахаар түр хойшлуулсныг тодотгосон байна.


НИЙТЭЛСЭН: 2021-04-12 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3