Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг батлав

    Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулах горимын саналаа танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүдийн олонх уг горимын саналыг дэмжсэн тул нэгдсэн хуралдаан Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Харъяалах байнгын хороо төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ танилцуулсан. 

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 33 нь дэмжиж 78.6 хувийн саналаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль батлагдав. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгээр батлагдсан юм. 

 


НИЙТЭЛСЭН: 2019-10-10 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3