“ИННОВАЦИЙН АРГААР БОЛОН ШИНЭЛЭГ БУЮУ ШИНЭ ТУТАМ ГАРЧ БУЙ ТЕХНОЛОГИ ХЭРЭГЛЭХ ЗАМААР ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ” ОЛОН УЛСЫН ӨНДӨР ХЭМЖЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО.

Бүгд Найрамдах Беларус Улс, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай хамтран 2019 оны 9 дүгээр сарын 3-4-нд Беларус улсын Минск хотноо зохион байгуулсан “Инновацийн аргаар болон шинэлэг буюу шинэ тутам гарч буй технологи хэрэглэх замаар терроризмтой тэмцэх” олон улсын өндөр хэмжээний бага хуралд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ТТАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Батсайхан, ТТАЗЗ-ийн мэргэжилтэн Д.Дүгэрсүрэн нар оролцлоо.

 

 

Өндөр хэмжээний тус бага хурал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн ивээл дор 2018 оны 6 дугаар сарын 28-29-нд Нью-Йорк хотноо хуралдсан “Терроризмоос үүсч буй аюул заналтай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвтэй анхны өндөр түвшний бага хурлын мөрөөр зохиож байгаа чуулга уулзалт юм.

Тус бага хуралд НҮБ-ын гишүүн улсууд, ЕАБХАБ болон АСЕАН-ны гишүүн буюу түнш улсын 50 гаруй орны төлөөлөгчид оролцов. 

 

 

Нью-Йорк хотноо 2018 оны 6 дугаар сард хуралдсан бага хурлын дөрвөн салбар сэдэвчилсэн хуралдааны нэг нь “шинэ технологи болон интернетыг террористууд буруугаар ашигласны хариуд глобал арга хэмжээ авч хэрэгжүүлэх” тухай асуудлыг хэлэлцсэн байдаг. Беларуст болсон тус бага хуралд асуудлыг улам дэлгэрүүлж гүнзгийрүүлэх зорилготойгоор гурван сэдэвчилсэн салбар хуралдаанаар гишүүн болон түнш улсын оролцогчид НҮБ-ын Терроризмтой тэмцэх глобал стратегийг хэрэгжүүлэх практик арга хэмжээ бүрийг хэлэлцэх боломжтой болохыг дурьдсан.  

Тус бага хурлын дундуур НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны дарга В.И.Воронковтой Гадаад харилцааны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид уулзаж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. НҮБ-ын зүгээс Монгол Улсын терроризмтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшааж, цаашид тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

 

 


НИЙТЭЛСЭН: 2019-09-10 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3