ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ, АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

2006 оны 4 сарын 3-ны өдөр                                                                                                                                      Улаанбаатар хот

Дугаар 66

Терроризмтай тэмцэх тухай хуулийн 6.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын терроризмоос сэргийлэх талаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг зохицуулах үүүрэг бүхий орон тооны бус Зохицуулах зөвлөлийн дүрмийг 1 дүгээр хавсралт ёсоор, ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД

 

Засгийн газрын 2006 оны 66 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болон төрийн бусад байгууллагын төлөөлөл бүхий   терроризмтой тэмцэх  ажиллагааг зохицуулах  орон тооны бус зөвлөл /цаашид "Зохицуулах зөвлөл" гэх/ нь Терроризмтой тэмцэх тухай хуулиар тогтоосон үүргийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохион байгуулна.

1.2. Зохицуулах зөвлөлийн зорилт нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын терроризмоос сэргийлэх талаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг зохицуулах замаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг баталгаатай хангагдсан байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

1.3. Зохицуулах зөвлөл нь үйл ажиллагаандаа Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Терроризмтой тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.4. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага  болон төрийн бусад байгууллагуудын хооронд терроризмоос сэргийлэх талаар тодорхой үзүүлэлтээр мэдээллийг шуурхай солилцох журмыг Ерөнхий сайд батална.

1.5. Зохицуулах зөвлөлийн дарга нь Терроризмтой тэмцэх тухай хуулийн 6.3-т зааснаар Тагнуулын төв байгууллагын дарга байна.

1.6. Зохицуулах зөвлөл нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг,  албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

Хоёр. Зохицуулах зөвлөлийн бүрэн эрх

2.1. Зохицуулах зөвлөл нь Терроризмтой тэмцэх тухай хуулийн 6.4-т заасан чиг үүргийнхээ хүрээнд  дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2.1.1. Терроризмтой тэмцэх хууль тогтоомжийн биелэлт, явцыг хэлэлцэж дүгнэлт гаргах;

2.1.2. Терроризмоос сэргийлэх талаар төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд өгсөн үүргийн биелэлтэд хяналт тавих, тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсон, үүргийн хэрэгжилтийг хангуулах;

2.1.3. Терроризмтой тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу терроризмтой тэмцэх хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл оногдуулах саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

2.1.4. Терроризмоос сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой төсөл, арга хэмжээний зардал болон төсөвтэй холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

2.1.5. Терроризмтой тэмцэх тухай хуулийн 6.4-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хүний нөөцийн болон технологийн чадавхийг дээшлүүлэх арга хэмжээ авах;

2.1.6. Шаардлагатай бол терроризмоос сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой төсөл хэрэгжүүлэх, мөн чиглэлээр харилцаа холбоо, мэдээлэл, технологийн салбарт гадаадаас тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авах, хөрөнгө оруулалт хийх эрх олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хэсэг,  шалгаруулах комисст Зөвлөлийн гишүүдээс оролцуулах;

2.1.7. Терроризмоос сэргийлэх зорилгоор тэсэрч дэлбэрэх, хордуулах үр дагавартай бодис, эд зүйл болон энэ журмын 2.1.6-д заасан асуудлаар холбогдох саналаа Засгийн газарт оруулах;

2.1.8. Терроризмоос сэргийлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, холбогдох бусад шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газарт оруулах;

2.1.9. Терроризмоос сэргийлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар төр, захиргааны байгууллага, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн зөвлөмж гаргах, тэдгээрийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;

2.1.10. Терроризмын талаархи мэдээллийг төвлөрүүлэн дүн шинжилгээ хийж Засгийн газрыг шуурхай мэдээллээр хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал оруулах;

2.1.11. Терроризмын талаархи мэдээллийн нэгдсэн сан байгуулж, мэдээлэл төвлөрүүлэх, боловсруулах, хадгалах, түгээх чиглэлээр заавар, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх;

2.1.12. Террорист үйлдлийн улмаас онцгой нөхцөл байдал бий болсон буюу болохуйц тохиолдолд  энэ тухай саналаа  Засгийн газарт  мэдээлэх;

2.1.13. Терроризмоос сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Зохицуулах зөвлөлд өгсөн үүргийг хэрэгжүүлж,  дүнг танилцуулах;

2.1.14. Зохицуулах зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажлын тухай жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах;

2.1.15. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны шуурхай штаб, томилгоот бүлгүүдийн хамтарсан сургууль, нэгдсэн дадлагыг улсын хэмжээнд зохион байгуулах;

2.1.16. Терроризмыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, энэ талаар төр, захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэдээс гаргасан санал, санаачилгыг дэмжин, тэдгээрийг өргөнөөр татан оролцуулах,  дэмжлэг үзүүлэх;

2.1.17. Энэ дүрмийн 4.6-д заасан ажлын хэсгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын тайлан, мэдээллийг сонсон  заавар, чиглэл өгөх;

2.1.18. Терроризмоос сэргийлэх арга хэмжээний талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагад зөвлөмж чиглэл өгөх, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

2.1.19. Хууль тогтоомжид заасан бусад  бүрэн эрх.

 

Гурав. Зохицуулах зөвлөлийн даргын  бүрэн эрх

3.1 Зохицуулах зөвлөлийн дарга дор дурдсан  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.1.1. Зохицуулах зөвлөлийн хуралдааныг товлох, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоож, хуралдааныг даргалах;

3.1.2. Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхий сайдад танилцуулах;

3.1.3. Зохицуулах зөвлөлийг шуурхай удирдлагаар хангаж, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

3.1.4. Зохицуулах зөвлөлийг төлөөлж гадаад, дотоодын холбогдох байгууллагатай харилцах;

3.1.5. Зохицуулах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Зөвлөлийн төсвийг Засгийн газарт танилцуулан  батлах;

3.1.6. Энэ дүрмийн 4.6-д заасан ажлын хэсгийг байгуулж, үйл ажиллагааны удирдамжийг батлах.

 

Дөрөв. Зохицуулах зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт

4.1. Зохицуулах зөвлөл нь дарга,  гишүүд,  нарийн бичгийн даргаас бүрдэнэ.

4.2. Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд батална.

4.3 Зохицуулах зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг Зэвсэгт хүчний жанжин штабын  дарга,  Зохицуулах зөвлөлийн дарга болон Зэвсэгт хүчний жанжин штабын  дарга  нэгэн зэрэг эзгүй байх тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын дарга  тус тус хэрэгжүүлнэ.

4.4. Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь  Зохицуулах зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, хуралдааны бэлтгэлийг хангах,  Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, Зохицуулах зөвлөлийн мэдээллийн санг хариуцан ажиллана.

4.5. Зохицуулах зөвлөлийн зардлыг Тагнуулын ерөнхий газрын төсөвт тусган улсын төсвөөс санхүүжүүлнэ.

4.6. Зохицуулах зөвлөлийн дарга нь терроризмын шинж бүхий гэмт хэргийн улмаас үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд учирч болох хор хохирол, аюул заналын талаар үнэлгээ, судалгаа хийх,  санал боловсруулах чиг үүрэг бүхий  холбогдох байгууллага, хуулийн этгээд, иргэн, олон улсын болон гадаадын экспертүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

4.7. Зохицуулах зөвлөл нь аймаг, нийслэлд салбар зөвлөлтэй байх бөгөөд салбар зөвлөлийн дарга нь нийслэлд  Тагнуулын ерөнхий газрын Нийслэл дэх тагнуулын газрын дарга, аймагт тухайн аймгийн Засаг дарга байна.

4.8. Терроризмтой тэмцэх аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, ажлын төлөвлөгөөг Зохицуулах зөвлөл батална.

4.9. Зохицуулах зөвлөлд гадаад, дотоодын байгууллага, хуулийн этгээд, иргэдээс өгсөн хандив, тусламжийн хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу Зохицуулах зөвлөлийн даргын шийдвэрээр зарцуулна.

 

  ____ ооо ____

 

Засгийн газрын 2006 оны 66 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт


НИЙТЭЛСЭН: 2020-05-12 өдөр
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ
©
Утас:   9226-3493
Мэйл:   office@nctc.gov.mn
Хаяг:   Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3